ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ҮЕД БАРТЕР ХУДАЛДААНЫ СИСТЕМ БИЗНЕСИЙН САЛБАРТ ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ

Олон улсын худалдааны салбарын жишгийн дагуу бартер зуучийн үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлж буй “Монголиан бартер эксченж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жинхлэнтэй ярилцлаа.

-Танай компани Монголын арилжаа худалдааны зах зээлд шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа гэсэн. Үүнийхээ талаар танилцуулахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хүндэрч ойрын 2 жилдээ сэргэх хандлага харагдахгүй байна. Эдийн засгийн хямрал бизнесийн салбарынханд хүндээр нөлөөлж бэлэн мөнгөний нөөцгүйгээс болж үйл ажиллагаа царцаж доголдож байгаа энэ үед бид ОУ-ын жишгийн дагуу бартер зуучийн үйчилгээг монголдоо анхлан нэвтрүүлж байгаагаадаа баяртай байна. Хямралтай байгаа энэ үед аж ахуй нэгж байгууллагууд болон иргэд бэлэн мөнгөөр худалдаа арилжаа хийхээс аль болох татгалзаж өөрсдийн шаардлагатай байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг хоорондоо солилцох, бартердах нь зах зээлд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.

“Монголиан Бартер Эксченж” ХХК (MBX LLC) нь 2016 оны есдүгээр сараас албан байгууллага болон хувь хүмүүсийн бүх төрлийн эд хөрөнгө, бараа материал, үйлдвэрлэл үйлчилгээний өргөн нэр төрлийг хамарсан бартер зуучийн үйлчилгээг Монголд анх удаа олон улсын стандартын дагуу нэвтрүүлээд байна. Одоогийн байдлаар албан байгууллагуудад илүү ойр, хүртээмжтэй ажиллах үүднээс мэргэжлийн бартерийн брокерууд, тэдний арын албаны ажилтан, мэргэжилтнүүд гээд нийт 30 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх сард бид Дархан, Эрдэнэт хотуудад салбаруудаа нээж үйл ажиллагаагаа өргөжүүлэн улам хүртээмжтэй болгох ажлаа эхлүүлэх гэж байгаа. Аливаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөрт илүүдэлтэй байгаа зүйлс болон өөрсдийн бараа, үйлчилгээгээр хэрэгцээ, шаардлагатай байгаа юмсыг солилцон авах боломжийг бид нээж өгч байгаагаараа онцлог юм л даа. Ялангуяа эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед бидний үйлчилгээ бизнесийн салбарт эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. Хэрэглэгч өөрөө нийлүүлэгч болж байгаа нь арилжаа худалдааны салбарт цоо шинэ соёлыг бий болгож буй явдал гэсэн үг.

-Монголд зуучлалын үйлчилгээ явуулдаг байгууллага нэлээдгүй бий. Тэд бартер худалдааг санал болгодог ч гэлээ дагнасан үйл ажиллагаа явуулдаггүй. Танайх албан ёсны гэдэг утгаараа анхдагч болж байна уу?

Бид бартер зуучлалын нэгдсэн системийг анх удаа нэвтрүүлж буй нь арилжих, солилцоо хийх шинэ хандлага, шинэ соёлыг нийгэмд бий болгох юм. Та магадгүй яагаад заавал бартер зуучлалын компаниар дамжуулан бартер солилцоо хийх шаардлагатай вэ гэж асууж болох юм. Монгол улсын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бүрт бартерын үйл ажиллагаа их, бага хэмжээгээр хийгдэж байгаа. Үүний хамгийн тод жишээ бол барилгын салбар. Өнөөгийн бизнесийн салбарынхан дунд тогтсон байгаа 1:1 бартер солилцоо нь маш олон сул талуудыг өөртөө агуулсан байдаг. Тухайлбал, тухайн арилжаанд аль нэг давуу талтай оролцогчийнхоо нөхцлийг нөгөөх нь хүлээн зөвшөөрөх, зах зээлийн бус ханшийг тулгах, сонголтын боломжууд хязгаарлагдах, үр ашгийг тэгш бус хүртэх гэх мэт. Тэгвэл мэргэжлийн бартер зуучлалын компаниар дамжуулан бартер солилцооны системд хамрагдсанаар дээрх сул талуудыг арилгах бүрэн боломжтой.

-Ийм төрлийн үйлчилгээ анх хэзээ үүссэн, олон улсад ямар түвшинд хөгжсөн байдаг юм бол?

-Арилжааны хэрэгсэл буюу зоос, мөнгөн дэвсгэрт бий болохоос өмнө хүн төрөлхтөн өөр хоорондоо барааг эд агуурсаар солилцдог байсан харилцааг бартер арилжаа хэмээн нэрийддэг. Харин орчин үед бартер арилжаа нь улам өргөжин хөгжиж дан ганц бараа бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хамран, цахим зуучлалын систем, олон талт бартер арилжаа болон дүнгийн хувьд тэнцвэргүй солилцоонд мөнгөн хөрөнгийн оролцоог хангах зэргээр төрөл, цар хүрээ нь нэмэгдэж байна. Олон улсын түвшинд бартерийн худалдаа нэгдсэн систем, мэдээллийн сан бүхий бартер зуучийн агентуудаар дамжин хийгдэж байгаа бөгөөд энэ нь зардал, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ бүтээгдэхүүн солилцооны сонголтын боломжийг нэмэгдүүлэх, учирч болох эрсдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой.

-Бартерийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучилна гэдэг монголчуудад шинэ ойлголт. Танайхаар ямар төрлийн бүтээгдэхүүн борлуулж болох вэ?

-Бид хөрөнгө болон үйлчилгээний онцлогоос нь хамааруулан тодорхой ангилалд хуваан бартерийн гишүүнчлэлд хамруулж байна. Үйлчилгээний бартерийн гишүүнчлэлд чанар, хариуцлагатай байдлыг бид чухалчилж байгаа тул зөвхөн албан байгууллагуудад өөрсдийн үйлчилгээгээ хамруулах боломжийг олгож байгаа юм. Үйлчилгээний төрлийн хувьд бид аутсорсинг үйлчилгээ, консалтинг буюу зөвлөх үйлчилгээ, түрээсийн үйлчилгээ, зочид буудал амралт сувилал, алжаал тайлах үйлчилгээ, бүх төрлийн энтертэйнмент үйлчилгээ, ресторан зоогийн газрын үйлчилгээ, соёл урлаг, медиа үйлчилгээ, сургалтын үйлчилгээ гэсэн найман үндсэн бизнесийн салбарт үйлчилгээний бартер солилцоо буюу “Service Swapping”-г хэрэгжүүлж байна. Үйлчилгээний төрөл цаашид улам өргөжөөд явах болно. Харин хөрөнгийн хувьд хувь хүн болон албан байгууллага аль нь ч хамрагдах боломжтой. Эхний байдлаар бид нийлүүлэлтийн илүүдэл үүсээд байгаа үл хөдлөх хөрөнгө, барилгын бараа материал, машин механизм, тоног төхөөрөмж, тавилга гэсэн таван салбарт төвлөрөн ажиллаж байна. Цаашид мах, хүнс ногоо, гурил будаа зэрэг анхдагч хэрэгцээний бараа бүтээгдэхүүнүүдийг багцлан томоохон бартерын солилцоог хийхээр төлөвлөөд байгаа.

-Зөвхөн бартерийн зарчмаар буюу бэлэн мөнгө оролцуулалгүйгээр солилцоо хийгдэх үү. Эсвэл тодорхой хувьд нь бэлэн мөнгө оролцуулж болох уу?

-Мэдээж хэрэг боломжтой. Өмнө хэлсэнчлэн бартерын арилжаа гэдэг бол эрт цагийн мөнгөн тэмдэгт үүсэхээс өмнө хийгдэж байсан үеийнхээсээ хэд дахин боловсронгуй болтлоо хөгжсөн. Тийм ч учраас мөнгөн хөрөнгийн худалдан авалтаас “Бартер+Мөнгөн хөрөнгө” гэсэн худалдан авалтыг илүүд үзэх хандлага үүсээд байна. Нэг талаас аливаа бартерийн солилцоон дээр үүссэн үнийн зөрүүг тэнцүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгө оролцуулах боломжтой. Нөгөө талаас бартерын арилжаанд оролцож буй талуудад мөнгөн хөрөнгө оролцуулах сонирхол байдаг. Жишээ нь сая өнгөрсөн нэгдүгээр сард бид хувь хүний орон сууцийг 50 хувьд нь хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж, 50 хувьд нь бэлэн мөнгөөр солилцох бартерын хэлэлцээрийг амжилттай зуучилж өгсөн.

-Ер нь хөрөнгө үйлчилгээгээ борлуулах гэж байгаа, эсвэл бартердах гэж буй хүмүүс тэр бүр бусдад танилцуулж сурталчилж чаддаггүй. Үүнд зориулсан үйлчилгээ бий юу?

-Хөрөнгө болон үйлчилгээний бартер зуучлалын үйлчилгээг сонирхож буй хувь хүн, албан байгууллагуудад үйл ажиллагааны цар хүрээ, бизнесийн онцлог, туршлага зэргээс нь хамааруулан Энгийн гишүүн, Бизнес гишүүн, Алтан гишүүн болон Очир гишүүн гэсэн дөрвөн ангиллын гишүүнчлэлийг санал болгож байна. Эдгээр гишүүнчлэлийн ангилал тус бүр нь өөртөө тухайн байгууллага, хувь хүний бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх ялгавартай сурталчилгааны арга хэрэгслүүдийг агуулсан байгаа. Жишээ нь үйлчилгээний бартер солилцооны алтан гишүүний хувьд улирал тутам хэвлэгдэн, үнэ төлбөргүй тараахаар бэлтгээд буй “Бартер.мн” сэтгүүлийн онцгой булан, www.barter.mn вэб сайтын онцлох бартер, фэйсбүүк, инстаграм хуудсуудаар дамжуулан зорилтот хэрэглэгчдэд тусгайлан сурталчлах боломжуудыг олгож байна. Мөн орчин үеийн дэвшилтэт 360 градусын камераар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааг хийлгэх зэрэг олон ажилбарууд гишүүнчлэлийн төлбөрт багтсан байгаа. Энэ бүхний үр дүнд та бодит нэгж харилцагчид гаргах зардлаа 8-10 дахин бууруулж чадах бөгөөд бартер солилцооны нэгдсэн системд хамрагдан, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтын эргэцийг нэмэгдүүлэх, илүү олон харилцагчидтай болох боломж бүрдэж байгаа юм.

-Танай байгууллагад бартерын гишүүнээр элссэн хувь хүн албан байгууллагад ямар давуу тал бий болох вэ?

-Мэргэжлийн бартер зуучийн агентаар дамжуулан бартер арилжаанд оролцсоноор тухайн хувь хүн, аж ахуйн нэгжид дараах давуу талууд үүсдэг. Нэгдүгээрт, өөрт буй бүтээгдэхүүн үйлчилгээгээр солилцох боломжтой бараа үйлчилгээг мэдсэнээр тэдгээрт мөнгө зарцуулах шаардлагагүй болно. Энэ нь нэг талаас таны мөнгөн хөрөнгийг хэмнэж, нөгөө талаас түүний зарцуулалтын үр ашгийг үлэмж сайжруулдаг. Хоёрдугаарт, тухайн компанийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, урсгал зардлыг бууруулж, мөнгөн хөрөнгийг хэмнэснээр түүнтэй холбогдох зээлийн хүүгийн зардлыг ч хэмнэнэ. Гуравдугаарт, аливаа хөрөнгийг хэдий чинээ удаан хадгална, төдий чинээ элэгдэл хорогдол ихэсдэг. Энэ утгаараа сул байгаа хөрөнгийн эргэлтэнд оруулснаар элэгдэл болон хадгалалтын зардлыг бууруулдаг. Дөрөвдүгээрт, бартерийн арилжаанд оролцож буй аж ахуйн нэгжийн борлуулалт орлого, суваг, харилцагчдын хүрээ өсөн нэмэгддэг.

-Нууц биш бол одоогийн байдлаар хэчнээн гишүүдтэй болсон бэ. Ямар төрлийн солилцоонууд зонхилж байгаа вэ?

-Дээр хэлсэнчлэн эхний ээлжинд бид зорилт тавин ажиллаж буй 13 чиглэлийн бизнесийн салбарт өнөөдрийн байдлаар 40 гаруй албан байгууллагууд, 100 гаруй хувь хүмүүсийг гишүүнчлэлд хамруулан нийт 200 гаруй төрлийн ялгаатай бүтээгдэхүүн үйлчилгээг зуучилж байна. Энэ дунд үйлчилгээний салбарын хувьд зочид буудал, ресторан зоогийн газрын үйлчилгээний бартер солилцоо зонхилж байгаа бол эд хөрөнгийн хувьд машин механизм, барилгын бараа материалын бартерийн солилцоо түгээмэл хийгдэж байна. Бид 2017 ондоо багтаан 600-700 албан байгууллагын найдартай түнш болж, бие биедээ харилцан үр өгөөжтэй ажиллах зорилт тавиад байгаа бол 2018 оноос зөвхөн Монголдоо төдийгүй хойд болон урд хөршүүдтэйгээ импортын бараа бүтээгдэхүүн солилцоог бартераар хийх боломжийг эрэлхийлэн ажиллах болно.

-Бартер солилцоонд зарим байгууллага, хувь хүн төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ тал дээр таны санал бодол ямар байдаг вэ?

-Одоогийн тогтчихсон байгаа бартер солилцооны 1:1 систем нь зарим хүмүүст буруу ойлголт түрүүлэхэд хүргэдэг л дээ. Бидний хувьд илүү өргөн цар хүрээтэй цогц байдлаар ашиглах боломжтой гэдэг талаас нь харилцагчдадаа ойлголт өгдөг. Энэ нь юу юм бэ гэхээр аливаа мөнгөөр гарч буй бүхий л төрлийн зардлыг та орлуулах боломжтой юм. Жишээ нь, Шинэ Зеланд улсад бартерын системд хамрагдсан албан байгууллагуудад өөрсдийн үндсэн үйл ажиллагааныхаа зардлыг бууруулахын зэрэгцээ ажилчдынхаа сэтгэл ханамж, урамшууллыг нэгэн зэрэг нэмэгдүүлэх боломж нээгддэг. Энэ юу вэ гэхээр тухайн компани үсчний салон, алжаал тайлах төв, фитнесс аэробек, бүр хүнсний бүтээгдэхүүн гэх зэрэг ажилчдынхаа сар бүрийн хэрэглээг судлан түүнд тохирсон бартерын арилжааг үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ солилцдог байна. Ингэснээр сарын эцэст хүмүүс цалингаа авахдаа өөрт шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ ваучерыг зах зээлийн үнээс 5-15 хувь хүртэл хямдруулан авах сонголтыг бий болгож чаддаг аж. Ингэснээр тухайн байгууллага бартерын орлогоороо үйл ажиллагааны зардлаа бууруулж, нөгөөтэйгүүр ажилчдаа урамшуулах давхар үр ашгийг хүртэж чаддаг. Бид яг үүнийг л шинээр Монголын зах зээл дээр нэвтрүүлэхийг хүсч байгаа юм л даа. Үүнийг ойлгосон цагт үр ашигтай ажиллагааг эрхэмлэдэг аливаа хувь хүн, албан байгууллага бүхэн бартерийн арилжааг сонирхох болно. Энэ бол бизнесийн шинэ соёл юм.  

Ярицлагынхаа төгсгөлд энэ цагийн дэлхийн хөрөнгийн зах зээлийн тэргүүн тэрбумтан, хөрөнгө оруулагч Уоррен Эдвард Баффеттийн хэлсэн “Хэрэв та хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулдаг бол хэзээ нэгэн өдөр хамгийн үнэ цэнэтэй зүйлээ зарахад хүрнэ” гэсэн алдарт ишлэлийг хэлмээр байна.

 

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин 2017 оны 02 сарын 6-ны дугаар